Археологийн тэнхим

39

Улаанбаатарын Их Сургуулийг Технологийн Сургууль байх үед Ази судлалын салбар ангиудад Монголын түүх, археологийн хичээлүүдийг анх орох болсон юм. Хожим нь 1994 онд шинэ салбар нээн ажиллуулах болсноор Ази Судлалын Факультет нь түүхийн мэргэжлийн ангитай болж Монголын түүх, археологийн мэргэжлийн хичээлийг тусгай курс болгон бүтэн семестрээр орох болсон ажээ.

Харин 1996 оноос НУФ-ын бүтцэд өөрчлөлт оруулан Түүхийн тэнхим, Археологийн тэнхим байгуулан ажиллах тухай тус сургуулийн Ректор, академич Б.Чадраагийн 1997 оны 9 сарын 17-нд гарсан тушаалыг үндэслэн Археологийн тэнхимийг байгуулсан байна. Тэнхимийн анхны эрхлэгчээр доктор /Ph.D/, профессор Д.Эрдэнэбаатар 2000 он хүртэл, 2000-2003 онд тэнхимийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр Ч.Ерөөл-Эрдэнэ, 2003-2008 он хүртэл доктор /Ph.D/, профессор Д.Эрдэнэбаатар, 2008-2010 он хүртэл шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Д.Баяр, 2010 оноос доктор /Ph.D/, профессор Д.Эрдэнэбаатар тус тус ажиллаж байна.

Тус тэнхим нь бакалавр, магистр, докторын сургалт, археологийн судалгаа шинжилгээний ажил эрхлэн явуулдаг бөгөөд археологич-япон хэлний орчуулагч, археологич-солонгос хэлний орчуулагч, археологич-хятад хэлний орчуулагч, түүхч-археологич мэргэжлээр тус тус мэргэжилтэн бэлтгэн төгсгөж байна.

Тэнхимийн эрхэм зорилго. Археологийн тэнхимийн эрхэм зорилго нь Монголын нэн эртний түүхийн эх сурвалжийг, эрдэмтэн багш нарын оюуны хүч бололцоо, электрон номын сан, номын сан, археологийн музей, лаборатори, танхимуудад түшиглэн эрдэмтэн багш нарын оролцоотойгоор бий болгон эртний түүхийн судалгааг өргөжүүлэн шинэ мэдлэг бий болгох, сургалт-эрдэм шинжилгээний ажлыг хослуулан, лабораториудын хүчин чадлыг өргөжүүлэх, шинжлэх ухаанч сэтгэлгээг бий болгох, өөрийгөө хөгжүүлэх, шинжлэх ухааны судалгаа, үр дүнгээр нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадвартай, харилцааны өндөр соёлтой, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, нийгмийн салбарт бие даан багаар ажиллах чадвартай судлаач-мэргэжилтэнг бэлтгэх, хувь хүний авьяас сонирхлыг улс орондоо болон дэлхийн түүхийн шинжлэх ухааны хөгжлийн жишиг хандлагад нийцүүлэн бэлтгэх, тэдний мэргэжил, мэдлэгийг байнга дээшлүүлэх таатай орчин бүрдүүлэхэд оршино.

      Хөтөлбөрт ажлууд. Тус тэнхимээс жил бүр уламжлал болгон тус тэнхимийн эрхлэгч асан Д.Баяр агсны нэрэмжит улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2012 оноос зохион явуулж байна.

      Түүнчлэн жил бүр тусгайлан бэлдсэн чиглэлээр Төв, Өвөрхангай, Архангай, Булган аймгуудын нутгаар оюутны археологийн хээрийн танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулж ирсэн бөгөөд ингэхдээ тус тэнхимийн археологийн хээрийн дадлагын бааз болох Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Хануй голын хөндий  Балгасан тал буюу Гол мод II хэмээх газар орших Хүннүгийн язгууртны булш бүхий газарт очин археологийн малтлага судалгаа, сургалтын ажлыг тогтмол хийж гүйцэтгэдэг юм.

      Хамт олны танилцуулга.Тус тэнхим нь 5 үндсэн багш, 2 туслах эрдэм шинжилгээний ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй Улаанбаатар Их Сургуулийн шилдэг тэнхимийн нэг билээ. Археологийн тэнхим буюу энэхүү судалгааны баг нь 2008 оноос хойш хамтран ажиллаж олон улсын болон гадаад, дотоодын олон төсөлт ажилд оролцон дадлагажиж өөрсдийн судалгааны ажлыг гүнзгийрүүлэн судлахаас гадна судалгаа шинжилгээний явцад олж авсан мэдлэг, дадлага туршлагаа танхимын сургалтандаа ашиглан онол практикийг шинэ мэдлэгтэй хослуулан орчин үеийн шинэ чиг хандлагыг баримтлан ажиллаж буй хамт олон юм.