Биологийн тэнхим

20

Тэнхимийн үүсэл хөгжил. 2001 онд биологийн ангийг шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, ахлах багш А.Дулмаа, академич Д.Баатар, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Э.Ганболд нарын санаачлагаар Технологийн факультетийн химийн тэнхимийн дэргэд 6 оюутантай байгуулагдсан. Биологийн тэнхим байгуулагдсан цагаас хойш тус тэнхимийн эрхлэгчээр шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Э.Ганболд өдгөөг хүртэл ажиллаж байна. Биологийн тэнхим нь ургамлын ангилал зүй, ургамлын анатоми-морфологи, амьтан судлалын лабораторууд болон ШУА-ийн харъяа хүрээлэнгүүд, өөрийн сургуулийн харьяа сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн талбайд тулгуурлан бакалавр, магистрын сургалт, судалгаа шинжилгээний ажил эрхлэн явуулж биологич, палеонтологич, биологи-экологич мэргэжлээр тус тус мэргэжилтэн бэлтгэн төгсгөж байна.

Тэнхимийн эрхэм зорилго. Оюутны сургалтын чанарыг дээшлүүлэх, цаг үе, нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгож, орчин үеийн техник технологийн түвшинд лабораторын суурь баазыг шинэчлэн тоноглон улмаар олон улсын сургалтын хөтөлбөрт ойртуулахын тулд сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлж, оюутнуудыг эрдэм шинжилгээний ажилд өргөнөөр оролцуулан идэвх сонирхлыг дээшлүүлж, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, зах зээлд хөрвөх чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй бакалавр, магистрын зэрэг олгох шаталсан сургалт явуулан таатай орчин бүрдүүлэхэд оршино.

Хамт олны танилцуулга. Тус тэнхим 5 үндсэн багш, 1 зөвлөх багш, 7 гэрээт багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Биологийн тэнхим байгуулагдсан цагаас ШУА-ийн мэргэжил нэгт хүрээлэнгүүдийн сэдэвт ажлууд болон Монгол-Оросын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн хээрийн судалгаанд багш, оюутнуудын хамт оролцон дадлагажиж, олон улсын болон гадаад, дотоодын олон төсөлт ажлын хүрээнд эрдэм шинжилгээний бүтээл хамтран хэвлүүлж, өөрсдийн судалгааны ажлыг гүнзгийрүүлэн судлахаас гадна судалгаа шинжилгээний явцад олж авсан мэдлэг, дадлага туршлагаа танхимын сургалтандаа ашиглан онол практикийг шинэ мэдлэгтэй хослуулан орчин үеийн шинэ чиг хандлагыг баримтлан ажиллаж буй хамт олон юм.