Бусад тэтгэлэг

18




“Цэцээ Гүн” Ротаракт клубын нэрэмжит “Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байгаа аж. Энэхүү хөтөлбөр нь өөрийн ажил мэргэжлээрээ дамжуулан үндэсний болон олон улсын энх тайван байдал, хамтын ажиллагааг сайжруулахад хувь нэмэрээ оруулах хүсэл зорилготой, чадварлаг ирээдүйн манлайлагч оюутнуудыг дэмжиж, итгэл бэлэглэх зорилготойгоор зарлагдаж байгаа юм. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад бакалаврын, өдрийн ангийн 1-4 дүгээр курсад суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 3-5 оюутанд 50-100 хувь хүртэлх нэг жилийн сургалтын тэтгэлгийг олгох ажээ.




Монгол Улсад шинэ залуу, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор “Зориг сан”, Швейцарийн хөгжлийн агентлагтай (SDC) хамтран дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр зарладаг. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудад шалгуур үзүүлэлтүүдийг нь тоймлон хүргэж байна.

Хөтөлбөрт хэн хамрагдах вэ:

– Дотоодын их, дээд сургуулийн хоёр болон түүнээс дээш дамжааны үндсэн ангид суралцаж буй оюутан байх
– Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх
– Гэр бүл нь амжиргааны баталгаажих төвшинөөс доогуур орлоготой буюу сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй
– Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог

Жич:

Хөтөлбөрт хамрагдах оюутныг шалгаруулахдаа хөдөө орон нутгийн буюу хот суурин газар шилжин суурьшсан амьжиргааны төвшин доогуур өрхийн хүүхдүүдийг түлхүү харгалзан үзэх болно.
Дээрх хөтөлбөрт бусад эх үүсвэрээс тэтгэлэг авч буй оюутнууд хамрагдах боломжгүй.

Хөтөлбөрт хамрагдагсдад тавигдах шаардлага:

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд хамтран нийгэмд тустай жижиг хэмжээний төсөл боловсруулан хэрэгжүүлнэ.

Бүрдүүлэх материал:

– Өргөдлийн маягт)
– Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн хуулбар
– Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харьяа хороо буюу багийн засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн цалингийн тодохойлолт)
– Нийгмийн идэвхи оролцоог үнэлсэн тодорхойлолтууд (сертификат, батламжийн хуулбар)
– Нэг хувь цээж зураг
– “Тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөх миний давуу талууд” гэсэн сэдвээр 500 үгтэй эссэ бичих

Шалгаруулалт:

Урьдчилсан шалгаруулалтыг бүрдүүлсэн материалыг үндэслэн, дээр дурдсан шалгуурын дагуу явуулна. Шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлаганд урьж, ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ. Шалгаруулалтыг “Зориг сан” болон SDC-ийн ажилтнуудаас бүрдсэн комисс зохион байгуулна. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд шаардлагатай материалыг есдүгээр сарын 30-ны дотор “Зориг сан”-д авчирч өгнө. Мөн admin@zorigfoundation.org хаяг буюу 315444 дугаарын утсаар холбоо барьж, хэрэгтэй зүйлсээ тодруулж болно.




“Оюу Толгой” ХХК болон БШУЯ хооронд байгуулсан гэрээний дагуу тус компани нь Монголын боловсролыг дэмжих ялангуяа уул уурхайн инженер, ашиглалт, байгаль орчин, шинжлэх ухаан техник болон байгалийн ухааны чиглэлээр суралцагсдыг онцгойлон анхаарч, энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг бий болгоод байгаа юм. Тэтгэлэгт хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад бакалаврын болон магистрын зэрэг авахаар суралцах оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа бөгөөд зургаан жилийн хугацаанд үргэлжлэх юм. Мөн гадаад, монгол гэсэн хоёр хувилбарт нийт 230 оюутанг тэтгэлгээр суралцуулах юм.

Оюутны тэтгэлэгт хөтөлбөр – Монгол

Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад уул уурхайн инженер, ашиглалт,байгаль орчин, шинжлэх ухаан техник болон байгалийн ухааны чиглэлээр 3,4 ангид суралцаж буй өдрийн ангийн оюутнууд хамрагдах боломжтой.

Оюутны тэтгэлэгт хөтөлбөр – Гадаад

Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад уул уурхайн инженер, ашиглалт, байгаль орчин, шинжлэх ухаан техник болон байгалийн ухааны чиглэлээр 2, 3 ангид суралцаж буй өдрийн ангийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд гадаадын их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцаж төгсөх юм. Мөн гадаадын их дээд сургуулиудад магистрын зэрэг горилон суралцах хүсэлтэй оюутан залуучууд хамрагдах боломжтой. Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан залуус Оюу Толгой ХХК-аас сонгон санал болгож буй Америк, Австрали, Канад зэрэг улсын олон улсад нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцах болно.

Тэтгэлэгт хөтөлбөр нь сургалтын үзүүлэлт, амжилтаараа манлайлагч, нийгмийн тустай үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, идэвхи санаачлагатай, ирээдүйд Монгол улсын уул уурхайн салбарт идэвхи чармайлттай, урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй оюутнуудад олгогдоно. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан залуучууд гадаадын их дээд сургуулиудын бакалаврын болон магистрын сургалтын элсэлтийн зохих шалгууруудыг хангасан тохиолдолд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт сургалтын төлбөр, стипенд болон байрны зардал (бусад зардал) зэрэг багтана. Тэтгэлэг 1 жилийн хугацаатай бөгөөд оюутны сурлагын үзүүлэлт, амжилтаас хамааран дахин сунгагдах боломжтой.

Оюу Толгой ХХК нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг Оюу Толгой төсөл дээр ажлын байран дахь дадлагад хамрагдах боломжоор хангана.

Ерөнхий шалгуур:

Монгол улсын иргэн байх
Бакалаврын зэрэг горилогчид магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн өдрийн ангийн оюутан байх бөгөөд сурлагын голч дүн 3.2 дээш байх
Магистрын зэрэг горилогчид их дээд сургуулиа 3.2-оос доошгүй голч дүнтэй төгссөн байх
Өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх

Оюутны сонгон шалгаруулалт

Оюу Толгой ХХК нь компаний төлөөлөгчдөөс бүрдсэн гурваас багагүй, таваас илүүгүй чадварлаг, туршлагатай сонгон шалгаруулалт шүүгчдийн комиссийг бий болгоно.
Оюу Толгой ХХК болон сонгон шалгаруулах комиссийн гаргасан бүх шийдвэр нь эцсийн шийдвэр байна.

Үнэлгээ сонгон шалгаруулалтын үйл явц 2 үе шатнаас бүрдэнэ:

Эхний шатны шалгаруулалт
Өргөдөл хянах: өргөдөл гаргагчийн намтар, сурлагын амжилт, голч дүн, эссэ болон тодорхойлолт
Урьдчилсан байдлаар тэнцсан өргөдөл гаргагчыг сонгох
Эцсийн шийдвэр
Урьдчилсан байдлаар тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урих
Эцсийн шийдвэр гаргах




“М-Си-Эс” Групп нь их, дээд сургуульд суралцагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрөө жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн хөтөлбөрийн онцлог нь их, дээд сургуулийн төгсөх болон төгсөхийн өмнөх курсын бүх оюутнууд өргөнөөр оролцох боломжтой. Мөн шалгарсан оюутан бүрт хичээлийн жилийн турш нийт 800 мянган төгрөгийн тэтгэлэг олгохын зэрэгцээ “М-Си-Эс” Группын харьяа аль нэг компанид үйлдвэрлэлийн буюу дипломын дадлага хийх, сургуулиа төгсөөд тус группт ажиллах боломжоор хангах юм. Шалгаруулалт нь тест, ярилцлага зэрэг гурван үе шаттай явагддаг ажээ. Энэ талаарх мэдээллийг http://mcs.mn/career/test/nuur.html хаягаар орж, дадлагын тесттэй танилцан, урьдчилан бэлтгэхийг зөвлөж байна.




ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас боловсролын салбарт хөрөнгө оруулах зорилгоор оюутан залууст зориулсан олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр” нь 2007 оноос эхлэн 9 жилийн турш 1200 гаруй оюутныг хамруулаад байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд сурлагын амжилт, хувь хүний чадвар, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч их дээд сургуульд элсэн суралцахад санхүүгийн бэрхшээлтэй тулгараад байгаа орлого багатай өрхийн ЕБС-ийн 12-р ангиа төгсөж буй сурагчдад санхүүгийн туслалцаа үзүүлэх, цаашид сурах хүсэл эрмэлзлийг нь дэмждэг билээ.

2016-2017 оны хичээлийн жилийн “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2016 оны 4-р сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол улсын 21 аймаг болон Замын-Үүд, Зүүнхараа, Улаанбаатар хотын Налайх, Багануур дүүргүүдэд зарлаж буй бөгөөд нийт төгсөх ангийн 70 сурагчийг шалгаруулан Их дээд сургуулийн 1-р курст элсэн суралцах сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгоно.

Шалгаруулалтыг сум, аймаг, нийслэлийн түвшинд 3 үе шаттайгаар зохион байгуулж сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд банкны ажилтнууд, төр засаг, иргэдийн төлөөлөл ажилладаг нь шалгаруулалтыг ил тод, шударгаар явуулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт гаргагчид хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны аль ч салбараас авах боломжтой. Харин материалыг 2016 оны 4-р сарын 29-ээс өмнө өөрийн сурч буй сургуулийн нутаг дэвсгэрт байрлах аймаг, сумынхаа ХААН Банкинд ирүүлнэ.

Шалгаруулалтын үндсэн үзүүлэлт:

2016 онд ЕБС-ийн 12-р анги төгсөх сурагч байх;
Сурлагын голч дүн “В” буюу 85% түүнээс дээш байх;
Ахлах ангидаа /10-12-р анги/ аймаг, бүс, нийслэл, улс, олон улсын олимпиад, уралдаан тэмцээнд амжилт гаргасан;
Нийгэм, олон нийтийн ажилд тэргүүлэн оролцдог бол давуу тал гэж үзэх;
Өрхийн орлого зэргийг харгалзан үзнэ.

Шалгаруулалтын дүнг 2016 оны 5-р сарын 26-аас 6-р сарын 01-ний хооронд ХААН Банкны www.khanbank.com вэбсайт, сошиал суваг болон өдөр тутмын сонин хэвлэлээр мэдээлнэ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг Enkh-Ulzii.Ts@khanbank.com и-мэйл хаяг болон 11-332333-(3305) дугаарт холбогдон асууж тодруулах боломжтой.