Гадаад хэлний тэнхим

51


Хятад хэлний салбар нь анх 1993 онд Гадаад хэлний тэнхимийн бүрэлдэхүүнд багтан 5 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. 2002 оноос Хятад хэлний салбар болон хятад хэлний мэдлэг, хятад хэлний боловсрол, хэрэглээний ур чадвар, соёл ахуйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр голлон ажилласаар байна.

2004 оноос эхлэн оюутан суралцагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэн, туршлага солилцох зорилгоор “Хятад хэлний мэдлэг сорих тэмцээн”, 2008 оноос дорнын тэр дундаа Хятадын соёл зан заншлыг танин мэдүүлэх чиглэлээр “Хятад цайны соёл”өдөрлөг зэргийг жил бүр уламжлал болгон явуулсаар ирсэн.
Эдүгээ улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүх шатны хятад хэлний сургалтын стандарт, монгол хүнд хятад хэл заах аргазүйн үндсийг судалж нэвтрүүлэх, суралцах явцад тулгарах хүндрэл бэрхшээл түүнээс зайлсхийх арга замыг судлах чиглэлээр сургалтын чанарыг сайжруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Тус салбарын багш нар нь дэлхийн хятад хэлний холбоо болон монгол дахь күнзийн институт, хятад хэлний багш нарын холбоо зэрэг байгууллагууд хамтран хятад хэлний багш нарын заах арга зүйн семинарт тогтмол хамрагдан мэргэжил дээшлүүлдэг. Мөн дээрх шугамаар БНХАУ-ын Шан Дун-ы их сургуульд салбарын бүх монгол багш нар 3 жилийн давтамжтайгаар заах аргазүйн сургалт болон дэлхийн хятад хэлний холбооноос зохион байгуулдаг сурах бичгийн семинарт хамрагддаг. Хятад хэлний салбар нь ӨМӨЗО-ы Багшийн Их Сургууль, Лань Жоу хотын Баруун хойд үндэстний төвийн их сургууль зэрэг сургуулиудтай эрдэм шинжилгээ сургалт судалгааны чиглэлээр хамтран ажилладаг.




Солонгос хэлний салбар нь анх 1995 онд Ази хэлний тэнхимд харьяалагдан сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус салбарыг байгуулагдахад Солонгос судлалын төвийн тэргүүн Б.Сумъяабаатар / Sc.D, профессор/, Солонгосын мэргэжилтэн багш Ким Ги Сон, Ким Жон Гү нар оюутнуудад солонгос хэлний хичээлийг мэргэжлийн өндөр түвшинд зааж сургасан нь сургалт явуулах анхны алхамын эхлэл байсан юм.

2014-2015 оны хичээлийн жилд үндсэн багшаар С.Чулуунбат /докторант/, Л.Хандармаа /докторант/, Т.Хэрлэнтуяа /докторант/, С.Түвшинбаяр /докторант/, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын томилолтоор ажиллаж байгаа Хуан Ян Хый зэрэг шилдэг залуу хамт олон бүрдэн сургалтын үйл ажиллагаагаа жигд сайн явуулж байна.

Гадаад харилцаа өргөжин тэлж Солонгосын “Сүньчоньхян”, “Кёнвонь”, “Дангүг” зэрэг олон их дээд сургуулиудтай хамтран ажиллахын зэрэгцээ Ази номхон далайн орнуудын сайн дурын байгууллага /PAS/-тай хамтын ажиллагааны олон жилийн гэрээ байгуулж, жил бүр Солонгос хэлний зуны сургалтыг зохион явуулдаг нь оюутан суралцагсдад өндөр ач холбогдолтой, салбарын сургалтын чанар хийгээд суралцагсдын идэвх сонирхлыг дээшлүүлэхэд сайн нөлөө үзүүлдэг юм.

2014-2015 оны хичээлийн жилд бид солонгос хэл, орон судлалын иж бүрэн кабинетыг байгуулан тохижуулсан бөгөөд танхимийн сургалтын чанар, оюутнуудын идэвх оролцоог нэмэгдүүлж, тэгш хүртээмжтэй сургалт явуулахын тулд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, DVD, CD, проектор ашиглан, Солонгосын “SKY” гурван сургууль гэгддэг Сөүл /Seoul University/, Корё /Korеа University/, Ионсей /Yonsei University/ зэрэг их сургуулиудын ном сурах бичгээр хичээлээ заадаг. Цаашид Монголын оюутан залууст солонгос хэл, солонгосын соёлыг түгээн оюуны хөрөнгө оруулалт хийж, Монгол Солонгос хоёр орны найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулан, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг удирдагч, боловсон хүчинг бэлтгэхийн төлөө хичээл чармайлт гарган ажиллаж байна.



Үүсэл хөгжил. Япон хэлний салбар нь 1992 онд тус сургууль байгуулагдсанаас 1 жилийн дараа буюу 1993 онд Зүүн хойд ази судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн оюуны бааз суурь, нөр их хүчин чармайлтын үр дүнд түшиглэн япон хэлний сургалтаа эхэлж байлаа. Анх 20 орчим оюутантай сургалтаа эхэлж байсан бол өнөөдөр 600 гаруй боловсон хүчнийг бэлтгэн гаргасан байна. Тус салбарыг үндэслэн байгуулагчид нь одоогийн Олон Улс судлалын Хүрээлэнгийн доктор, профессор япон судлаач Б.Сэржав, японы нэрт монголч эрдэмтэн Оосакагийн их сургуулийн профессор асан Арай Шиничи багш нар юм. Салбар байгуулагдсан цагаас хойш монгол японы олон эрдэмтэн багш нар, судлаачид уг салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх, япон хэл соёлыг монгол оюутнуудад сурталчлан таниулахад хүчин зүтгэж ихээхэн хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэх нь зүйтэй.

Оюутны үйл ажиллагаа:

Жил бүр уламжлал болгон оюутнуудын мэдлэг чадвар, авьяас, авхаалж самбааг сорьж “Японоор ярьж сурцгаая” намрын өдөрлөг
“Япон хэлийг хэн сайн мэдэх вэ” тэмцээн, “Уран илтгэлийн тэмцээн”,”АХА”зэргийг япон хэлний мэдлэгийг сорьж зохион байгуулдаг
Мөн 1 дүгээр ангийн оюутнуудын дунд “Цэвэр бичигтэн” “Цаасан нугалбарын тэмцээн” зэргийг уламжлал болгон зохион байгуулсаар байна.

Хамт олны танилцуулга: Манай салбар одоогоор 6 багштай, орчуулга-япон хэл, түүх судлаач-япон хэлний орчуулагч, археологич-япон хэлний орчуулагч гэсэн 3 мэргэжлээр япон хэлний сургалт, судалгаа явуулж байна. Багшлах боловсон хүчин 100% япон улсад мэргэжил дээшлүүлж ирсэний бөгөөд багш Ц.Амгалан 2004-2006 онд Тохокүгийн Их Сургуулийн Зүүн Хойд Ази Судлалын Төвд, мөн 2011 онд JENESYS олон улсын япон судлаачдын хөтөлбөрт, Ч.Маналсүрэн 2006-2007 онд Тохокүгийн Их Сургуулийн Зүүн Хойд Ази Судлалын Төвд, 2012 онд Япон хэлний олон улсын институтэд, 2005-2006 онд О.Отгонжаргал Япон хэлний олон улсын институтэд, Л.Эрдэнэцэцэг, Ц.Нэргүй нар 2011 онд онд JENESYS олон улсын япон судлаачдын хөтөлбөрт, 2012 онд Ц.Цэнгэлсүрэн Япон хэлний олон улсын институтэд тус тус хамрагдаж суралцсан болно.