Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор Довдойн Баяр багшийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

103

Улаанбаатарын  Их сургуулийн Археологийн тэнхимийн багш нар Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор Довдойн Баяр багшийн гэгээн дурсгалыг мөнхлөх,  түүний Түүх, Археологийн шинжлэх ухаанд хийж бүтээснийг нь олон нийтэд таниулан сурталчлах, ирээдүй хойч үе болсон судлаач оюутан залуусыг нэгтгэх, харилцан туршлага солилцох, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор их, дээд сургуулиудын  Археологи, Түүх, Угсаатны зүй, Палеоантропологийн мэргэжлийн ангийн оюутнуудын дунд улсын хэмжээний эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд УБИС, МУИС, ШУТИС, МУБИС, ИЗОУИС, Чингис Хаан Дээд сургуулийн нийт 21 оюутан илтгэлээ ирүүлсний шилдэг 13 илтгэлийг хэлэлцүүллээ. Хурлыг Улаанбаатарын Их Сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), профессор С.Цолмон нээж үг хэлсэн ба мөн гэр бүлийн төлөөллөөс Тато Архитектс ХХК-ий архитектор, Д. Баяр багшийн хүү Б. Бадрах, Археологийн тэнхимийн төлөөлөл болж УБИС-ийн Археологийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Т. Идэрхангай, Шавь нарыг төлөөлж ШУА-ийн Түүх-Археологийн Дундад зууны салбарын эрхлэгч Л.Мөнхбаяр нар үг хэлсэн ба түүнчлэн УБИС-ийн Археологийн тэнхимийн 2014 оны төгсөгч, морин хуурч О.Зоригтбаатар хөг аялгуугаар  түрлэг нэмэв. Хурлын үеэр илтгэл хэлэлцүүлсэн оюутан залуус, зочид төлөөлөгчид Улаанбаатарын Их сургуулийн Археологийн музейг үзэж сонирхлоо.   Тус хурлыг Д.Баяр багшийн мэндэлсэн өдөр буюу 2018.05.11-ний өдөр Улаанбаатарын Их Сургуулийн эрдмийн их өргөөнд 2 үе шаттайгаар зохион байгуулж,  шүүгчдийн бүрэлдэхүүнд УБИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д. Баярсайхан, ШУА-ийн Түүх- Археологийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрдэм шинжилгээний ажилтан Л. Мөнхбаяр, ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Л. Ганбат нар шүүн тунгаалаа. Сүүлийн шатанд таван илтгэгч оюутан шалгарч үлдсэнээс УБИС-ийн Археологийн тэнхимийн багш, магистр Э. Мижиддорж багшийн удирдсан  УБИС-ийн Археологи- Солонгос судлал-I ангийн оюутан илтгэгч Б.Ану-Үжин “Палеоантропологийн хэрэглэгдэхүүн археологийн олдворын харьцуулсан судалгаа (Хүннүгийн булш оршуулгын жишээн дээр)  сэдвээр тэргүүн байрын шагналын эзнээр тодров. Хоёрдугаар байрыг Э. Жигмэддорж багшийн удирдсан  МУИС-ийн ШУС-ийн БНУБ-III ангийн оюутан Э. Хатантөмөр  “Гэр харуулын түшмэл, цэргийн данс” Монголчуудын ураг удмын түүхийг судлах сурвалж болох нь ( Хөхөө харуулын жишээгээр)  сэдвээр, Гуравдугаар байрыг Ц. Баттулга багшийн удирдсан МУИС-ийн ШУС-ийн Олон улс, Орон судлал-Турк III ангийн оюутан М. Батчимэг “Улаан чулуутын I(IV)” руни бичээс сэдвээр, тусгай байранд хоёр оюутан шалгарснаас МУИС-ийн ШУС-ийн Д. Анхбаяр багшийн удирдсан  МУИС-ийн ШУС-ийн Түүх-III ангийн оюутан О. Сувд-Эрдэнэ “1238 оны Махмуд Тарабын бослогын мөн чанарын тухайд” сэдвээр, мөн МУБИС-ийн НХУС-ийн багш доктор (Ph.D)  Д. Идэр багшийн удирдсан МУБИС-ийн НХУС-ийн Түүх- Нийгэм судлал- IV ангийн оюутан Х. Түвшинбаяр “Тамачин”ба “Даргач” хэмээх хэргэмийн харьцаа, хамаарал сэдвээр тусгай  байрыг эзэллээ. Хуралд идэвхтэй оролцсон нийт оюутан залуусдаа цаашдын судалгааны ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.