Диймаажавын Эрдэнэбаатар

Археологийн тэнхимийн эрхлэгч. Түүхийн ухааны доктор (Ph.D), профессор

1979 онд Нийслэлийн 3-р 10-н жилийн сургууль, 1988 онд МУИС-ийн НУФ-д суралцаж түүхч-түүхийн багш мэргэжилээр төгссөн. АНУ-ын Питтсбургийн Их сургуулийн Антропологийн тэнхимд, 2000 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Их Сургуулийн Археологийн тэнхимд, 2003 онд ОХУ-ын Барнаул хотын Алтайн Их Сургуулийн докторантурт тус тус суралцаж байсан.

1997 онд “С‎‎элэнгийн сав нутаг дахь хүрэл-төмрийн түрүү үеийн археологийн дурсгалууд” сэдвээр түүхийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. 2000 онд Улаанбаатарын Их Сургуульд д‎‎эд профессор, 2005 онд профессор, 2009 онд МУИС-ийн дэд профессор цолуудыг тус тус хүртсэн. Одоо ОХУ-ын Алтайн Их Сургуулийн Археологи-угсаатны зүй, музей судлалын тэнхимд шинжлэх ухааны доктор хамгаалахаар бэлтгэж буй. 

“Монгол нутаг дахь түүх соёлын дурсгалт зүйлүүд” (1999 он), “Монгол улсын түүх” таван боть зохиолын 1-р боть (2003 он), “Metallurgy in Ancient Eastern Eurasia from the Urals to the Yellow River” (2004), “Эрт, дундад үеийн монголчуудын аж ахуй, соёл” (2006 он) зэрэг хамтын бүтээлүүдэд зохиогчоор оролцсон бөгөөд бие даасан нэгэн сэдэвт эрдэм шинжилгээний ном бүтээл 3, шинжлэх ухааны эрдэм шинжилгээний өгүүлэл 130 гаруйг туурвисан бөгөөд тэдгээр бүтээлүүдээс ОХУ, Франц, АНУ, БНХАУ, БНСУ, ХБНГУлсын дэлхийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүл, ном бүтээлүүдэд хэвлэгдсэн болно. /бүтээлийн жагсаалт/

Өнгөрсөн хугацаанд Монгол орны нутагт “Чемурчекийн соёл”, “Мөнххайрханы соёл”, “Тэвшийн соёл”, “Мөнгөн тайгын соёл” зэрэг хүрэл-төмрийн эртний овог аймгуудын үлдээсэн археологийн дурсгалуудыг цоо шинээр нээсэн юм.

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт Балгасын тал дахь Гол мод-2-ын Хүннүгийн язгууртны булш бүхий газрыг анх удаа илрүүлэн нээж, анхны малтлага судалгаа хийж, 1-р булшыг дагуул булшнуудын хамт цогцоор нь бүрэн малтан шинжилж хосгүй үнэт дурсгалуудыг илрүүлэн олж судалсан манай шилдэг судлаачын нэг юм.

Тэрээр төр, засгаас 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2002 онд Монгол улсын Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, тэмдэг, 2006 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2008 онд Монгол улсын Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг, 2014 онд Соёлын тэргүүний ажилтан, 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан.

 

2015-04-01