Товч танилцуулга

Дэлхийн өндөр хөгжилтөй улс орнууд үндэсний тусгаар тогтнол, оюун ухааны манлайлал болгож улсынхаа нийслэлээр нэрлэсэн их сургуулийг байгуулж ирсэн уламжлалтай билээ.

Тус сургууль нь бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  сургалтын үйл ажиллагааны онцлог нь сургалт- судалгаа- үйлдвэрлэл гэсэн гурвалсан холбоонд оршдог.

Сургалт нь оюутнууд онол, хээрийн лаборатори, дадлагын хичээлээр мэдлэг эзэмших ба оюутны хувьд  кредитийн системд бүрэн шилжсэн бол багш нарын хувьд кредит системд шилжээгүй өнөөгийн нөхцөлд тохирсон хэлбэр болох цагаар тооцох журмыг баримталж сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Хичээлийн хөтөлбөр нь сургалтын бүтцийн онцлогтоо тохирсон тухайлбал 30-60% нь үйлдвэрлэл болон хээрийн дадлага,лаборатори семинарын хичээл орохоор төлөвлөгдсөн байдаг. Энэ нь ч практик дээр үр дүнтэй нь батлагдаж байна.

Судалгаа нь эрдэмтэн багш нарын судалгааны чиглэлээр байгуулагдсан профессорын багт доктор, магистр, оюутнууд хамрагдах журмаар олон улсын болон сургуулийн санхүүжилттэй төслүүдэд хамрагдах боломж нь нээлттэй байдаг.

Үйлдвэрлэл- эрдэмтдийн судалгааны үр дүнгээр шинэ технологи, бүтээгдэхүүний 10 гаруй патент авсан. Тэдгээрээр гарааны компани байгуулан ажиллахад ажиллах сууриа тавьж эхлээд байна.

Тус сургуулийн эрдэмтэн профессорууд өөрийн судалгааны чиглэлээр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тухайлбал Италийн Триестийн академи, Германы  Гамбургийн их сургууль,  Японы Тохоку их сургууль, Осакагийн их сургууль, Хирошима их сургууль, Васеда их сургууль, БНСУ-ын Дэгү их сургууль, Оюун ухааны их сургууль, Чоннамын их сургууль, Данкүүкийн их сургууль, Сон Чун Хяны их сургууль, ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, Москвагийн их сургууль, Эрхүү, Улаан-үд, Читагийн их сургууль, БНХАУ-ын Төвийн үндэстний их сургууль, Бээжингийн Гадаад хэл, соёлын сургууль, Чинхуа, Янтай их сургууль, Өвөрмонголын багшийн их сургууль, Өвөрмонголын их сургууль болон Академи, судалгааны төвүүд зэрэг 10 гаруй орны 30 гаран их дээд сургууль, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд сургалт, судалгаа шинжилгээнийхээ ажлыг гүйцэтгэж байна.

Тус сургуулийн сургалтын үйл ажиллагаа нь өөрийн сургуулийн эрдэмтэн багш, лабораторийн нөөцөд суурилахын зэрэгцээ ШУА-ийн эрдэмтдийн оюуны потенциал, лаборатори, өөрөөр хэлбэл суурь судалгаанд суурилсан хамтын үйл ажиллагаа явуулдагаараа давуу талтай.  Манай оюутан, магистр, докторантууд суралцаж байх үеэсээ дотоодын болон гадаадын судалгааны төсөл, хээрийн шинжилгээний судалгаанд хамрагдах боломжтойн дээр төгсөгчид нь  ШУА-ийн хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах боломжтой байдаг нь хамтын ажиллагааны гол үр дүн юм. Манай төгсөгчид ШУА-ийн Физик, Хими, Информатик, Биологи, Ботаник, Хэл зохиол, Түүх болон Археологийн хүрээлэнгүүдэд амжилттай ажиллаж байна.

Сургуулийн сургалтын орчныг тоон үзүүлэлтээр томъёолбол:

·         8000 мкв хичээлийн 2 байр

·         лекцийн танхим 52

·         багш нарын тэнхим албад 33,

·         17 000 гаруй  номын фондтой номын сан, үйлчилгээний танхим

·         аудио,видео болон хэвлэмэл бус номын фондтой дижитал номын сан, электрон каталог

·         сургалтын болон судалгааны лаборатори 14

·         интернетийн  лаборатори 2

·         Хурлын танхим 2

·         Спорт заал 1

·         гадаад хэлний иж бүрэн үйлчилгээ үзүүлэх чадамжтай  лингафоны кабинет 2

·         Архангай аймгийн Өндөр-улаан сумын нутагт Археологийн судалгааны бааз

·         Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт ургамлын биологи, жимс, жимсгэнэ, бутлаг ургамлын суулгац бэлтгэх туршилт, суурин судалгааны төвтэй

2012-05-29