“ЕВРОПЫН ХОЛБООНЫ СТАНДАРТЧИЛЛЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЭХ НЬ” онол-практикийн бага хурал

        2017 оны 5 дугаар сарын 26-нд Төрийн ордны “Сүхбаатар” танхимд Европын холбооны стандартчиллын боловсролын тогтолцоог Монголд нэвтрүүлэх нь” онол-практикийн бага хурлыг Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Стандарт, хэмжил зүйн газар, Төрийн өмчит Улаанбаатарын Их сургууль хамтран зохион байгуулах гэж байна.

  

ҮНДЭСЛЭЛ

       Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 344 дүгээр тогтоолоор “Үндэсний чанарын хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрт тусгагдсан нэг гол зорилт бол чанарын дэд бүтцийн хүний нөөцийн чадавхийг сайжруулах арга хэмжээ юм.

       Чанарын дэд бүтцийн хүний нөөцийн чадавхийг сайжруулах зорилтын хүрээнд чанарын дэд бүтцийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардлагатай мэргэшсэн ажиллах хүчнээр хангах хүний нөөцийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, чанарын дэд бүтцийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудыг мэргэшүүлэх, чадавхижуулах арга хэмжээ авах, чанарын дэд бүтцийн салбарт үндэсний сургагч багш нарыг бэлтгэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 11-р сарын 14-ны өдрийн 119 дүгээр тушаалаар баталсан “Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд олон улсын туршлагын дагуу сургалтын агуулгад стандартчилал, хэмжил зүйн боловсрол олгох тогтолцоог бий болгон хөгжүүлэх асуудал тусгагдсан.

 

ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ

       Европын холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл 2014-2017 онд 3 жилийн хугацаатай хэрэгжиж байна. Төслийн зорилго нь Монгол Улсын Засгийн газраас Европын стандарт, нормыг нутагшуулах, үүний үр дүнд бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд чөлөөтэй нэвтрүүлэх, тохирлын үнэлгээний салбарт бүтцийн шинэчлэл хийх талаар авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

      Энэ төслийн хүрээнд чанарын мэдлэг олгох зорилгоор үндэсний хэмжээнд чанарын бодлого боловсруулж, чанарын хөтөлбөр хэрэгжүүлэх асуудал байсан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Стандартчиллын талаар авах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолоор их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын төлөвлөгөөнд стандартчилал, техникийн зохицуулалтын талаар мэдлэг олгох хичээлийг 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн оруулах арга хэмжээ авах тухай заасан байдаг.

     Европын холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд төслийн зөвлөх Петр Кубесс Стандарт, хэмжил зүйн газар дээр ажиллан Европын холбооны стандартчиллын байгууллага /CEN/-аас гаргасан “Стандартчиллын боловсролын мастер төлөвлөгөө”-г Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийг судлах, зөвлөмж гаргах ажлыг доктор (Sc.D), профессор Т.Сосорбарамын хамт хийж гүйцэтгэсэн.

         БСШУСЯ, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний төв, Төрийн өмчит Улаанбаатарын их сургууль, ШУТИС, Удирдлагын академи, Этүгэн их сургууль зэрэг байгууллагуудын удирдах ажилтан, багш, эрдэмтэн доктор, профессоруудтай уулзан санал солилцсон бөгөөд стандартчилал, чанарын удирдлагын хичээлийн хэрэгцээ, шаардлага бий болсон, стандартчиллын инженер, чанарын менежерийн мэргэжилтэн бэлтгэх шаардлагтай байгаа дүгнэлт гарсан байна.

        Иймд Стандарт, хэмжил зүйн газар нь Төрийн өмчит Улаанбаатарын Их сургуультай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан бөгөөд Төрийн өмчит Улаанбаатарын Их сургууль дээр тулгуурлан стандартчилал, чанарын удирдлагын дээд боловсролын сургалтын агуулга, хөтөлбөрийг олон улсын түвшинд хөгжүүлэх, стандартчиллын инженер, чанарын менежерийн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх чиглэлээр тогтолцоог бий болгох, цаашид дэлгэрүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллаж эхлээд байна.

      “Европын холбооны стандартчиллын боловсролын тогтолцоог Монголд нэвтрүүлэх нь” онол-практикийн бага хурлаар стандартчилал, чанарын удирдлагын боловсролын асуудлаар хэлэлцэн, Европын холбооны стандартчиллын боловсролын тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцон,  стандартчиллын инженер, чанарын менежерийн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх чиглэл, хандлагыг тодорхойлох зорилготой болно.

      Энэхүү онол-практикын бага хурлыг зохион байгуулсанаар чанарын дэд бүтцийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх боловсролын тогтолцоо бүрдэж, хүний нөөцийн ур чадвар дээшлэн, сургалтын орчин, материаллаг бааз бэхжих эхлэх тавигдах ач холбогдолтой юм.

2017-05-26