Төрийн өмчит УБИС нь 2017-2018 оны хичээлийн жилд Чанарын удирдлага, Стандартчиллын инженер мэргэжилүүдээр бакалаврын өдрийн ангийн элсэлт

      2017 оны 5 дугаар сарын 26-нд Төрийн ордны “Сүхбаатар” танхимд “Европын холбооны стандартчиллын боловсролын тогтолцоог Монголд нэвтрүүлэх нь” онол-практикийн бага хурлыг Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Стандарт, хэмжил зүйн газар, Төрийн өмчит  Улаанбаатарын Их сургууль хамтран зохион байгууллаа.

     Хурлын үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь оролцогчдод хандан үг хэлэхдээ “Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, олон улсын түвшинд өрсөлдөхүйц мэдлэг чадвартай мэргэжилтнүүдтэй болоход дэлхийн боловсролын стандартыг өөрийн боловсролын салбарт нэвтрүүлэх асуудал чухлаар шаардагдаж байна. Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар нийгмийн хэрэгцээ шаардлагад  тулгуурлан их, дээд сургуулиудтай хамтран  стандартчилал, чанарын удирдлагын мэргэжилтэн бэлтгэх  гэж байгааг  бид дэмжиж ажиллана. Энэ нь байгууллагын захиалга буюу нийгмийн эрэлт, хэрэгцээнд суурилсан сургалт болох учраас  сайшаан дэмжүүштэй чухал  алхам гэж үзэж байна” хэмээн онцолсон.


 

 

    Аливаа үйл ажиллагааны эхний шатнаас л стандартчиллыг ашиглаж, түүний үр ашгийг бүрэн хүртэх боломжтой талаар, Стандартчиллын талаарх мэдлэг ойлголтыг боловсрол олгох сургалтаар, олон нийтийн мэдээллийн үйл ажиллагаа болон тусгайлсан сургалтыг зохион байгуулах хэрэгтэй гэж олон улсад үздэг байна.

   Тиймдээ ч энэхүү онол-практикын бага хурлыг зохион байгуулсан бөгөөд чанарын дэд бүтцийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх боловсролын тогтолцоо бүрдэж, хүний нөөцийн ур чадвар дээшлэн, сургалтын орчин, материаллаг бааз бэхжих эхлэл тавигдах ач холбогдолтой. Мөн хурлаар стандартчилал, чанарын удирдлагын боловсролын асуудлаар хэлэлцэж, Европын холбооны стандартчиллын боловсролын тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцон,  Төрийн өмчит Улаанбаатарын Их сургууль дээр стандартчиллын инженер, чанарын менежер гэсэн хоёр чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх чиглэл, хандлагыг тодорхойлсон юм.

   Онол-практикийн бага хуралд Европын холбооны “Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл”, Нийслэлийн боловсролын газар, Шинжлэх Ухаан Академи, Боловсролын хүрээлэн, Төрийн өмчит Улаанбаатарын Их сургууль, МУИС, МУБИС, ШУТИС, ХУИС, Отгонтэнгэр их сургууль, МХЕГ, НМХГ зэрэг байгууллагуудын 100 гаруй төлөөлөгчид оролцжээ.

2017-05-26