Түүхэн замнал

Монголын шинжлэх ухааны академи нь өөрийн эрдэмтдийн  оюуны  чадавхи, эрдэм шинжилгээний  лабораторуудын хүчин чадалд тулгуурлан  шинжлэх ухааны залгамж үеэ бэлтгэн АНУ, Орос, Хятад, Англи зэрэг орнуудын судлаач-мэргэжилтэн бэлтгэдэг туршлагыг нэвтрүүлэх, сургалт судалгааны ажлыг үр бүтээлтэй  хослуулах зорилгоор дээд сургууль байгуулах хүсэлт тавьсныг ШУБЯ-ны сайд  дэмжин 1992 оны 02 сарын 29 ны  өдрийн 109 тоот тушаалаар Технологийн дээд сургуулийг байгуулах шийдвэр гаргасан билээ. Тус сургууль нь “Химийн технологи”, “Хэрэглээний  физик”, “Хэрэглээний математик Мэдээлэлзүй” зэрэг чиглэлээр олимпиадад түрүүлсэн шилдэг хүүхдүүдийг элсүүлэн анхны сургалтаа эхлүүлж байв. 

1994 оноос “Ази судлал”-ын мэргэжлээр оюутан нэмэн элсүүлж ШУБ-ын сайдын 1995 оны 01 сарын 15 ны өдрийн 15 тоот тушаалаар тус сургуулийг их сургуулийн зэрэглэлд оруулж ШУБ-ын сайдын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамж(1996 оны 07 сарын 26 ны өдөр, дугаар 259/А-184)-аар Технологийн Дээд Сургуулийг Улаанбаатарын Их Сургууль болгон өргөтгөв. 

1999-2000 оны хичээлийн жилээс тус сургууль дээр АНУ-ын Колорадогийн Их Сургууль болон Москвагийн Эрчим Хүчний Дээд Сургууль(Техникийн Их Сургууль)-тай хамтарсан салбар сургуулийг нээн сургалт явуулж авъяаслаг олон залуучуудыг гадаад боловсрол олгох сайхан боломжыг нээж өгөв. 

 2010-2014 оны 6 сар хүртэл  Засгийн газрын 2010 оны  01 сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Улаанбаатарын Их Сургуулийг МУИС-ийн харъяа Улаанбаатар сургууль болгон нэгтгэж  бүрэлдэхүүн сургуулийн статусаар үйл ажиллагаагаар явуулж байв.

2014-2015 оны хичээлийн жилд БШУ-ны сайдын 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/337 тоот тушаал, Нийслэлийн засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн А/740 тоот захирамжыг үндэслэн Төрийн өмчит “Улаанбаатарын Их Сургууль”-ийг шинэчлэн байгуулж 2014-09-23 ны өдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

 

2012-05-29