Нэрт археологич Довдойн Баяр багшийн нэрэмжит оюутны ЭШБ хурал боллоо

505

Улаанбаатарын Их Сургуулийн Түүх, археологийн тэнхим Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн, Шинжлэх Ухааны доктор /Sс.D/, профессор Довдойн Баяр багшийн гэгээн дурсгалыг мөнхлөх, Монголын археологийн шинжлэх ухаанд түүний оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, ирээдүй хойч үеийн судлаачдыг бэлдэх, туршлага солилцох зорилгоор Археологи, Түүх, Угсаатан судлал, Палеоантропологи, Сэргээн засвралылтын чиглэлээр суралцдаг их, дээд сургуулиудын мэргэжлийн ангийн оюутнуудын дунд “Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн, доктор /Sс.D/, профессор Довдойн Баяр багшийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-ыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл Довдойн Баяр багшийн нэрэмжит оюутны ээлжит эрдэм шинжилгээний бага хурал түүний мэндэлсэн өдөр буюу 2022 оны 5-р сарын 11-ний өдөр Улаанбаатарын Их Сургуулийн А302 тоот “Эрдмийн зөвлөл”-ийн танхимд болж өндөрлөлөө. Энэ жилийн хурлыг УБИС-ийн Түүх, археологийн тэнхим, УБИС-ийн Оюутны холбоо, Д.Баяр багшийн гэр бүл, Түүх, археологийн тэнхимийн 2011 оны төгсөгч Б.Бадрах нар хамтран зохион байгуулав. Энэхүү хуралд УБИС-ийн Түүх, археологийн тэнхим, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхим, Ази судлалын тэнхим, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль зэрэг их, дээд сургуулиудаас 20 гаруй илтгэл ирснээс шилдэг 12 илтгэлийг хэлэлцүүллээ. Хурлыг нээж УБИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор /Ph.D/, профессор С.Цолмон үг хэлсэн ба мөн гэр бүлийг төлөөлөн Д.Баяр багшийн том охин Б.Онон, Түүх, археологийн тэнхимийг төлөөлөн тус тэнхимийн эрхлэгч, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор /Ph.D/, профессор Д.Эрдэнэбаатар, шавь нарыг төлөөлж ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын ахлах эрдэм шинжилгээний ажилтан доктор /Ph.D/ Т.Батбаяр нар тус тус үг хэлсэн юм.

Хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн 12 оюутнаас УБИС-ийн Археологи-IV ангийн оюутан Ж.Энхзул “Буган хөшөө, алаг бугын дүрслэл Скифийн соёлд уламжлах нь” сэдвээр тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, бүтээлийн дээжис, мөнгөн шагналаар шагнууллаа. Дэд байранд МУИС-ийн Антропологи-IV ангийн оюутан М.Бямбацогзол “Монголын эртний болон орчин үеийн хүн амын шүдний хэмжилтийн бус шинжийн харьцуулсан судалгаа” сэдвээр, Гутгаар байранд УБИС-ийн ТСДЗСЗ-I ангийн оюутан Э.Хулан “Хадны оршуулгаас илэрсэн даавуу, зөөлөн эдлэлийг сэргээн засварласны үр дүнд эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах нь” сэдвээр, Тусгай байранд хоёр оюутан шалгарснаас МУИС-ийн Гадаад хэл орон судлал, Турк-IV ангийн оюутан Б.Солонго “Тахилын хавтанд холбогдох нэгэн санал” сэдвээр, мөн УБИС-ийн Археологи-I ангийн оюутан Б.Энхзул “Эзэнт гүрний аяганы судалгаа” сэдвээр тус тус тусгай байр эзэллээ. Хуралд идэвхтэй оролцсон нийт оюутан залуусдаа цаашдын сурлага хөдөлмөр, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.