Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

179

Олон улсын цэрэг, стратегийн аюулгүй судалгааны төвөөс санаачлан “Орос-Украйны дайн ба Европын улс орнуудын аюулгүй байдал, гадаад бодлогын өөрчлөлт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Польш улсын элчин сайдын яам, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран 2023 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 10.00-13.30 цагт МУИС-ийн номын сангийн 502 тоот өрөөнд зохион байгууллаа.

Зохион байгуулагч талаас Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко, элчин сайдын яамны ажилтнуудын хамт, Стратеги судалгааны хүрээлэнгийн удирдлага, төвүүдийн дарга, шинжээч нар, мэргэжилтэн, захиргааны ажилтнууд, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, болон багш, судлаачид оролцсон. Зочноор Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд ноён Себастиен Сүрүн, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайдын албанд ноён Ян Вытопиль, ХБНГУ-ын ЭСЯ-аас Хэргийг түр хамаарагч хатагтай Регина Рутенберг, ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Виктор Франк, МУ-ын Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газар,  Европын газар,  Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны газрын болон Тусгай хүчний цэргийн командлалын хэлтэс,  ШУА-ийн дэргэдэх ОУХХүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс зочид  хурлын үйл ажиллагаанд оролцлоо. Польш улсаас ирж оролцсон Польш улсын ГХЯ-ны Гадаад бодлогын стратегийн газрын дүн шинжилгээ, програмчлалын хэлтсийн мэргэжилтэн, профессор Радослав Баниа “Украин дахь Оросын түрэмгийллийн эсрэг Бүгд Найрамдах Польш Улсын гадаад болон аюулгүй байдлын бодлогын сорилтууд” сэдвээр, мөн хэлстийн мэргэжилтэн, профессор Ярослав Кшёнжек “Польшийн хөгжлийн бодлогын олон улсын нөхцөл байдал: Өнгөрсөн ба Одоо” сэдвээр, Стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээч Н.Цогтгэрэл “НАТО ба Европын аюулгүй байдал” сэдвээр, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач доктор, Д.Үлэмж “Орос-Украйны зөрчилдөөнт асуудал Зөвлөлтийн дараах орнуудын цахилгаан эрчим хүчний салбарт үзүүлэх нөлөө” сэдвээр, МУИС-ийн олон харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дэд профессор, С.Баясгалан “Visegrad бүлгийн орнуудын өсөн нэмэгдэж буй геополитикийн ач холбогдол” сэдвээр тус тус илтгэлүүдээ хэлэлцүүллээ.